39 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг

39.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

39.1.1.энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах;

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.1.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох;

39.1.3.байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах;

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.1.4.байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд энэ хуулийн 39.1.3-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгах:

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.1.4.1.хортой болон хор хөнөөл учруулж болзошгүй бодис, материалыг хадгалах, хяналт тавих;

39.1.4.2.газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах;

39.1.4.3.уурхайн хаягдлын далан барих, уурхайн талбайн аюулгүй байдлыг хангах;

39.1.4.4.энэ хуулийн 38.1.2-т заасан нөхөн сэргээх арга хэмжээ;

39.1.4.5.Монгол Улсад үйлдвэрлэсэн органик бордоо хэрэглэх; /Энэ дэд заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

39.1.4.6.тухайн уурхайн ажиллагааны онцлогтой холбогдсон бусад арга хэмжээ. /Энэ дэд заалтын дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

39.1.5.энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.1.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.1.7.уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараахь зүйлийг тусгах: /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.1.7.1.байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

39.1.7.2.ашигласан шинэ техник, технологи;

39.1.7.3.үйлдвэрийг өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал.

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.1.8.байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд уурхайн талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоо олгох;

39.1.9.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу зохицуулна

/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

39.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.5, 39.1.7.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаасаа хойш 30 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.

39.3.Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.

39.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгийг түүнд уурхайн хаалтын үе шатанд буцааж өгнө.

/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.5.Энэ хуулийн 39.3-т заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхлэхийн өмнө шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ

/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

39.6.Энэ хуулийн 39.5-д заасан хугацаанд мөн хуулийн 39.1.9-д заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга уурхайн тухайн жилийн олборлолтын ажлыг зогсоох эрхтэй.

39.7.Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.8.Энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

39.9.Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд түүнийг эзэмшигч нь шинэ техник, технологи нэвтрүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлөх шинэ нөхцөл, байдал үүсвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардана.

/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.