4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг;

4.1.2."цацраг идэвхт ашигт малтмал" гэж уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг;

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.3."тойм судалгаа" гэж ашигт малтмал байгаа эсэхийг тогтоох зорилгоор газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгийн сорьц, дээж авах, геологи, ашигт малтмалын анхдагч мэдээллийг ашиглах, агаарын зураг авах аргаар геологийн судалгаа хийхийг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.4."улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа" гэж улсын төсвийн эх үүсвэрээр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа болон геологийн эрэл, хайгуулын ажлыг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.5."ашигт малтмал эрэх" гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.6."ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.7."ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.8."хайгуулын ажлын зардлын доод хэмжээ" гэж хайгуулын ажилд жил бүр зарцуулсан байвал зохих зардлын доод хэмжээг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.9."ашигт малтмалын орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.10."ашигт малтмалын үндсэн орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож анхлан үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдсийн хуримтлалыг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.11."ашигт малтмалын шороон орд" гэж анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцын дүнд сарнин салж, дахин хуримтлагдаж улмаар үе, давхарга байдалтай байгаа эрдсийн хуримтлалыг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.12."стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.13."тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.14."нөөцөд авсан талбай" гэж урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбайг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.15."хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.16."ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.17."хайгуулын талбай" гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;

/Энэ заалт болон заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.18."уурхайн талбай" гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;

/Энэ заалт болон заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.19."уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.20."тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.21."тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг;

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.22."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг.

/Энэ заалтын дугаарт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.23."бичил уурхай эрхлэх" гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.24."ашигт малтмалын баялаг" гэж геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, эрэл, хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн, эдийн засгийн ач холбогдол нь нарийвчлан үнэлэгдээгүй эрдсийн хуримтлалын хэсгийг;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.25."ашигт малтмалын ордын нөөц" гэж хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн үр ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялгийн хэсгийг;

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.26."мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч" гэж үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаас эрх олгогдсон иргэнийг.

/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.27."үүсмэл орд" гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг;

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.28."үүсмэл орд ашиглах" гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх. /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.29.“сонгон шалгаруулалтын талбайн тодорхойлолт” гэж сонгон шалгаруулалтын талбайн дугаар, байрших аймаг, сум, нэр, хэмжээ, солбицол, байршлын зургийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.30.“сонгон шалгаруулалтын босго үнэ” гэж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан талбайн нэг гектар тутамд тооцож нийт талбайн хэмжээнд тогтоосон мөнгөн дүнг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.31.“сонгон шалгаруулалтын комисс” гэж хууль эрх зүй, геологи, уул уурхайн салбарын мэргэжил эзэмшсэн, геологийн судалгаа, хайгуулын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай энэ хуулийн 10.3-т заасан бүрэлдэхүүнийг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.