43 дугаар зүйл. Ажиллах хүчний талаар тавигдах шаардлага
43.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх ба тухайн хуулийн этгээдийн ажиллах хүчний бүрэлдэхүүнд дараах шаардлага тавигдана: /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
43.1.1.гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байх; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.1.2.Монгол ажилтнуудын 5-аас доошгүй хувь нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тухайн сум, дүүргийн иргэд байх. /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 43.1.1-д зааснаас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, 43.1.2-т зааснаас бага хэмжээгээр орон нутгийн иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
43.3.Энэ хуулийн 43.2-т заасан төлбөрийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, соёл, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаархи журмыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/