16 дугаар зүйл. Хуульчийн шалгалт авах журам
16.1.Хуульчийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана.
16.2.Хуульчийн шалгалтын үргэлжлэх нийт хугацаа гурав хоног байна.
16.3.Хуульчийн шалгалтад оролцогч сорилгын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан бол бодлогын шалгалтад орох эрхтэй болно.
16.4.Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно.
16.5.Шалгалтын комисс хуульчийн шалгалтын нэгдсэн дүнг шалгалт дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан шалгалтад оролцогчдын нэрсийн жагсаалтад харгалзах тоон дугаараар гаргаж, нийтэд мэдээлнэ.
16.6.Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын холбооноос баталсан журмаар зохицуулна.