52 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо

52.1.Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид "Шалгалтын хороо" гэх/ нь Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессоруудын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

52.2.Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл батална.

52.3.Шалгалтын хороо дараах эрх хэмжээтэй байна:

52.3.1.хуульчийн шалгалт зохион байгуулах үүрэг бүхий Шалгалтын комисс байгуулах;

52.3.2.хуульчийн шалгалт зохион байгуулах журам боловсруулж, Зөвлөлөөр батлуулах;

52.3.3.хуульчийн шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх.

52.4.Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд Шалгалтын комиссыг байгуулна.

52.5.Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд энэ хуулийн 8.2-т зааснаас гадна Тамгын газрын шалгалт хариуцсан ажилтан болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгч заавал орно.

52.6.Шалгалтын комисс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

52.6.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хуульчийн шалгалтыг зохион байгуулах;

52.6.2.сорилгын болон бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх;

52.6.3.хуульчийн шалгалтын дүнг үнэн зөв нэгтгэн Шалгалтын хороонд хүргүүлэх;

52.6.4.шалгалтын даалгаврын боловсруулалт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх аргачлалыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах.

52.7.Тамгын газрын шалгалт хариуцсан ажилтан болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчөөс бусад шалгалтын комиссын гишүүнд урамшуулал олгоно.

52.8.Энэ хуулийн 52.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, энэ хуулийн 52.7-д заасан урамшууллыг олгох журмыг Зөвлөл тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.