54 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо
54.1.Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах, Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх болон хуульчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулах, сургалтын үр дүнг тодорхойлох, хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийх зэрэг ажлыг Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо /цаашид "Ёс зүйн хороо" гэх/ зохион байгуулна.
54.2.Ёс зүйн хороонд хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийдэг, хууль зүйн сургуульд тухайн чиглэлээр хичээл заадаг хуульч профессор болон хуульчийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, ёс зүйн хувьд хуульчдыг манлайлах эрмэлзлэлтэй хуульчид сайн дураар нэгдэн ажиллана.
54.3.Ёс зүйн хорооны гишүүн нь Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр нэр дэвшиж байгаа прокурор, өмгөөлөгчийн зан байдлын талаар дүгнэлт гаргах шинжээчээр ажиллаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
54.4.Ёс зүйн хороо Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал болон Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайланг Зөвлөлд танилцуулна.