12 дугаар зүйл. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох

12.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.7-д заасан тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын аж ахуйн нэгжид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргасан байна: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.2.1.аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга;

12.2.2.үнэлгээний ажил эрхлэхэд шаардлагатай мэдээллийн сан, материаллаг бааз, боловсон хүчний хангамж болон чадавхийг илтгэх бичиг баримтууд.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг мэргэжлийн зөвлөл ажлын таван өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гаргана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

12.5.Аж ахуйн нэгжид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилийн хугацаатай олгоно.

12.6.Аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдлөө гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

12.7.Энэ хуулийн 12.6-д заасан өргөдөл болон тайлан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбогдсон бусад мэдээллийг мэргэжлийн зөвлөл хянан үзэж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар дүгнэлт гаргана.

12.8.Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилээр сунгана.

12.9.Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.