3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."төсөл" гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг;
3.1.2."төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг;
3.1.3."байгаль орчны стратегийн үнэлгээ" гэж улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад түүний хэрэгжилтээс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай уялдуулан тодорхойлохыг;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.4."байгаль орчны төлөв байдлын үнэлгээ" гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;
3.1.5."хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ" гэж тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;
3.1.6."байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;
3.1.7."үнэлгээний шинжээч" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан үнэлгээ, үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг;
3.1.8."үнэлгээний шинжилгээ" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлыг холбогдох хууль журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, тайлан, дүгнэлт үндэслэлтэй, зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
3.1.9."хянан магадлагаа" гэж батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт үнэн зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг ;
3.1.10."эрсдэлийн үнэлгээ" гэж хүн, амьтан, ургамал болон байгаль орчинд хими, биологи, физикийн хүчин зүйлээс үзүүлж болзошгүй нөлөөлөл, мөн гамшиг болон аюулын нөлөөллийг урьдчилан тодорхойлох үйл ажиллагааг;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.11."биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах" гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг.
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮТЭЦ, ТОГТОЛЦОО, ЗОХИЦУУЛАЛТ