14 дугаар зүйл. Төрөөс дэмжлэг үзүүлэх инновацийн төсөл, түүнд тавигдах шаардлага
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.Инновацийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:
14.1.1.инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;
14.1.2.хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.1.3.инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх.
14.1.4.энэ хуулийн 6.1.2-т заасан инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.1.5.инновацийн төслийг энэ хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх.
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.2.Дараах тохиолдолд инновацийн төсөлд төрөөс дэмжлэг үзүүлэхгүй:
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.2.1.энэ хуулийн 15.1-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй бол;
14.2.2.төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь энэ хуульд заасан инновацийн үйл ажиллагаа болон түүнд баримтлах зарчимтай нийцэхгүй бол;
14.2.3.инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь Монгол Улсаас өөр улсад бүртгэлтэй бол;
14.2.4.инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол;
14.2.5.хуульд заасан бусад үндэслэл.
14.3.Инновацийн төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/