17 дугаар зүйл. Инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих
17.1.Инновацийн үйл ажиллагааг төрөөс дараах хэлбэрээр дэмжинэ:
17.1.1.инновацийн төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.2.инновацийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентжуулах зардлыг санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.3.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;
17.1.4.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн тоног төхөөрөмжөөр инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх компанид хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх асуудлыг Засгийн газрын баталсан журмаар зохицуулах;
17.1.5.төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсгийг инновацийн санхүүжүүлэгч байгууллага болон орон нутгийн төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх;
17.1.6.өндөр технологи шингэсэн инновацийн бүтээгдэхүүнийг олон улсын үзэсгэлэн худалдаа, танилцуулах арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.1.7.экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүний олон улсын чанар стандартын баталгаажуулалтын зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.8.дотоодод үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаагаар дэмжих;
17.1.9.үзэсгэлэн худалдаа, хурал семинар зохион байгуулах, инновацийн мэдлэг, соёлыг сурталчлах арга хэмжээг олон нийтийн байгууллагатай хамтран зохион байгуулах, санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.10.инновацийн үйл ажиллагаа эрхэлж, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид мөнгөн урамшуулал олгох;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.11.нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгох;
17.1.12.хамтын оффис, хурдасгуур төв, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, бизнес-инкубаторын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.1.13.үндэсний инновацийн шагналын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална. /Энэ заалтын дугаарт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Энэ хуулийн 17.1.6, 17.1.8, 17.1.9, 17.1.10-т зааснаас бусад инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.Энэ хуулийн 17.1.1, 17.1.3, 17.1.8, 17.1.11, 17.1.12-т зааснаас бусад инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг өндөр технологи, инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмаар зохицуулна.
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК