24 дугаар зүйл. Венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлага
24.1.Венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлагыг венч хөрөнгө оруулалтын компани өөрөө, эсхүл менежментийн гэрээ байгуулсан менежментийн компани гүйцэтгэж болно.
24.2.Менежментийн компанийн үйл ажиллагааг энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиар зохицуулна.
24.3.Энэ хуулийн 23.4.3, 23.4.6-д зааснаас бусад тохиолдолд менежментийн компани нь венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгийг түүний нэрийн өмнөөс удирдаж хөрөнгө оруулалтын шийдвэрийг бие даан гаргаж болно.
24.4."Хөрөнгө оруулалтын шийдвэр" гэж венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлагыг хэрэгжүүлэх явцад тухайн компанийн венч активаар оруулалтын компанийн хөрөнгө оруулалтын бодлогод нь нийцүүлэн гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгсэл худалдан авах, худалдах шийдвэрийг хэлнэ.
24.5.Менежментийн компани нь зөвхөн хувийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхэлнэ.
24.6.Менежментийн компани нь дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
24.6.1.венч хөрөнгө оруулалтаас бусад төрлийн үйл ажиллагаа;
24.6.2.тусгай болон нөөцийн санг үүсгэн байгуулах;
24.6.3.хувьцаа болон өрийн бичгээс өөр төрлийн үнэт цаас гаргах;
24.6.4.венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусахаас өмнө ногдол ашиг хувиарлах.
24.7.Менежментийн компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсөн аудитын компанитай аудитын шалгалт хийлгэх тухай гэрээ байгуулах үүрэгтэй.
24.8.Аудитор нь венч хөрөнгө оруулалтын компанийн нягтлан бодох бүртгэл, түүний дотор бүртгэл тайлан нь энэ хууль, бусад хууль тогтоомж болон Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан журамд нийцэж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргана.
24.9.Аудитор нь венч хөрөнгө оруулалтын компанийн, түүний менежментийн компани болон үнэлгээчинтэй нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.
/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/