27 дугаар зүйл. Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмших, ашиглах

ИННОВАЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмших, ашиглах

27.1.Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны өмчийг шинжлэх ухаан, технологийн төсөл санхүүжүүлэх гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн ажлыг гүйцэтгэсэн иргэн болон хуулийн этгээд эзэмшиж болох бөгөөд өмчлүүлэх, эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална.

27.2.Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ технологи дамжуулалт хариуцсан нэгж, гарааны компани болон гарааны компанид дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зөвлөх компанийг үүсгэн байгуулж, дараах чиглэлээр ажиллуулж болно:

27.2.1.зөвлөх компани нь инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид зуучлах гэрээг гарааны компанитай байгуулах;

27.2.2.зөвлөх компани нь энэ хуулийн 27.2.1, 27.11-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох;

27.2.3.гарааны компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 11-ээс доошгүй хувийг үүсгэн байгуулсан эрдэм шинжилгээний байгууллага эзэмших;

27.2.4.эрдэм шинжилгээний байгууллагын эрх бүхий этгээд нь гарааны компанийн эзэмшлийн хувиа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлүүлсэн дүгнэлтийг үндэслэн таван жилийн дотор худалдан борлуулах.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.3.Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн эзэмшлийн оюуны өмчийг эрх бүхий байгууллагаар үнэлүүлэн гарааны компанийн дүрмийн санд хувь нийлүүлэн оруулж болно.

27.4.Эрдэм шинжилгээний байгууллагын харьяа гарааны компанийн үйл ажиллагааны орлого, зарлагыг тусгай дансанд бүртгэх бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад ногдох ногдол ашгийн 75-аас доошгүй хувийг сургалт, эрдэм шинжилгээ, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн зориулалтаар ашиглана.

27.5.Зохиогчийн анхдагч эрхийг уг оюуны өмчийг бий болгосон судлаач болон эрдэм шинжилгээний байгууллагаас бусад хуулийн этгээд лицензээр эзэмшсэн тохиолдолд тэдгээрт роялти төлнө.

27.6.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.7.Энэ хуулийн 27.6-д заасан байгууллагын зөвшөөрөлтэйгөөр төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тохиолдолд олон улсын гэрээ, конвенцид заасны дагуу тухайн улсад уг оюуны өмчийн эрхийг баталгаажуулах, хамгаалах арга хэмжээг авна.

27.8.Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эзэмшигч энэ хуулийн 27.6-д заасныг зөрчсөн тохиолдолд түүний тухайн оюуны өмчийг эзэмших эрхийг түдгэлзүүлэх, дараагийн эзэмшигчид шилжүүлэх, ашиглуулах харилцааг энэ хуулийн 27.1-д заасан журмаар зохицуулна.

27.9.Онцгой нөхцөл байдал үүсэх үед болон үндэсний эрх ашгийг хангах зорилгоор Засгийн газар төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг дараах лицензийн нөхцөлөөр ашиглах бүрэн эрхтэй:

27.9.1.онцгой эрхгүй лиценз;

27.9.2.дамжуулах эрхгүй лиценз;

27.9.3.цуцлах эрхгүй лиценз;

27.9.4.төлбөрийг барагдуулсан лиценз.

27.10.Төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмшигч нь эрдэм шинжилгээний байгууллага байх тохиолдолд дараах үүргийг хүлээнэ:

27.10.1.оюуны өмчийг зохиогч, бүтээгчид роялти хуваарилах;

27.10.2.оюуны өмчийн ашиглалтаас олох роялти орлогоос тухайн оюуны өмчийг зохиогч, бүтээгчдэд төлсөн роялтийг хуваарилсны дараа үлдэх орлогыг зөвхөн инновацийн судалгаа, сургалтад зарцуулах;

/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.10.3.оюуны өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газарт нэвтрүүлснээс олсон роялти орлого нь оюуны өмчийн эрхийг эзэмшигчийн жилийн төсвийн таван хувиас хэтэрсэн тохиолдолд илүү гарсан орлогын 75 хувийг улсын төсөвт төвлөрүүлэх, 25 хувийг эзэмшигч нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн зүгшрүүлэлтийн үйл ажиллагаанд зарцуулах.

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.11.Зөвлөх компани нь гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг худалдан борлуулж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.