3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."инноваци" гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга, шийдлийг;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.2."шинэ мэдлэг" гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг;
3.1.3."инновацийн үйл ажиллагаа" гэж инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий арга хэмжээг;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.4."инновацийн бүтээгдэхүүн" гэж энэ хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг;
3.1.5."үндэсний инновацийн тогтолцоо" гэж инновацийн үйл ажиллагаанд оролцогч өмчийн бүх хэлбэрийн байгууллага, тэдгээрийн харилцааны хэм хэмжээний цогцыг;
3.1.6."инновацийн төсөл" гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг;
/Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.7."инновацийн грант" гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр инновацийн тодорхой төсөлд буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;
3.1.8."гарааны компани" гэж инновацийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компанийг;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.9."технологийн туршилт, зүгшрүүлэлт" гэж лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх үйл ажиллагааг;
3.1.10."роялти" гэж оюуны өмчийг лицензийн гэрээгээр ашиглан олсон ашгаас лиценз түрээслүүлэгчид ногдох хувь хэмжээг;
3.1.11."хөрөнгө оруулалтын компани" гэж инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэгдсэн, энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Иргэний хуульд[8] заасны дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.12."менежментийн гэрээ" гэж энэ хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын компанийн активыг удирдах талаар уг хөрөнгө оруулалтын компанийн удирдлага менежментийн компанитай байгуулсан гэрээг;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.13."менежментийн компани" гэж хөрөнгө оруулалтын компанитай байгуулсан энэ хуулийн 3.1.12-т заасан гэрээний үндсэн дээр уг хөрөнгө оруулалтын компанийн активын удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компанийг;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.14."шинжлэх ухааны парк" /цаашид "парк" гэх/ гэж өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан газар нутагтай, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий цогцолборыг;
3.1.15."паркийн удирдлага" гэж паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй хуулийн этгээдийг;
3.1.16."паркийн нэгж" гэж паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон сургууль, эмнэлэг, харилцаа холбоо, эрчим хүчний зэрэг нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг.
3.1.17."инновацийн дэд бүтэц" гэж инновацийн үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийн болон бусад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зохион байгуулалтын бүтэц, барилга байгууламжийг;
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.18."зөвлөх компани" гэж эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэд байгуулагдсан гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх бусад этгээдэд гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг борлуулах зорилгоор байгуулагдсан компанийг.
/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./