11 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох
11.1.Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
11.1.1.шуурга, ган, зуд, үер, мөндөр, түймэр зэрэг гамшигт нэрвэгдсэн болон гол, мөрөн, намаг, шаварт орох зэрэг биеэ хамгаалах чадваргүй болсон агнуурын амьтныг агнах, барих;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.1.2.булаг, шанд, хужир мараанд ирж буй амьтныг отож агнах;
11.1.3.өөр нутагт шилжин байршиж байгаа агнуурын амьтныг агнах, барих;
11.1.4.агнуурын амьтны үүр, ичээ ухах, гэмтээх;
11.1.5.агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилго бүхий байр, саравч, тэжээл мараа, бусад байгууламжийг эвдэж гэмтээх, устгах;
11.1.6.агнуурын амьтныг сайн танилгүй буюу анир чимээнээр таамаглаж буудах;
11.1.7.агнуурын амьтны үр төлийг агнах, шувууны өндгийг түүх, гэмтээх, устгах;
11.1.8.ангийн буу, агнуурын амьтан агнах, барих гэрээ, зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.9.тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах;
11.1.10.хот, тосгоны ногоон бүсэд судалгаа шинжилгээ, халдварт өвчний голомт эрүүлжүүлэх, ан амьтны тоо толгойг зохицуулахаас бусад зорилгоор агнуурын амьтан агнах, барих;
11.1.11.үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих бүх төрлийн торны нүдний хэмжээ 50х50 мм-ээс доош байх;
11.1.12.эрх бүхий мэргэжлийн байгууллагаар агнуур зохион байгуулалтын ажлыг хуульд заасан хугацаанд нь хийлгээгүй аймаг, сум, нийслэл, дүүргийн нутагт агнуурын амьтан агнах, барих; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.13.агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах.