291 дугаар зүйл. Дуудлага худалдаа зохион байгуулах /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.1.Энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.2.Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.3.Дэнчин төлж бүртгүүлсэн этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдаанд оролцоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.4.Анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд байршуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.5.Дуудлага худалдаа зохион байгуулагч нь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр, төлбөрийн хэмжээг танилцуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.6.Анхны үнийн санал гарснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцох бөгөөд хамгийн өндөр үнийн саналаар ялагч тодорсноор дуудлага худалдааг дуусгавар болгоно. Дуудлага худалдаанд оролцогчид үнийн санал гаргаагүй тохиолдолд долоо хоногийн дотор хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.7.Дуудлага худалдаа зохион байгуулагч нь сүүлийн үнийг зарлаж, сүүлийн үнэ тодорхой болсны дараа дуудлага худалдааг дуусгавар болгож, ялагчийг зарлана. Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд ялсан үнийг 24 цагийн дотор дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.8.Дуудлага худалдааны ялагч энэ хуулийн 291.7-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, дуудлага худалдааны үед дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд санал тавина. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.9.Дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааны явцад тэмдэглэл үйлдэж, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна. Оролцогчид болон зохион байгуулагч талын төлөөлөл тэмдэглэлд гарын үсэг зурна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.10.Дуудлага худалдаанд оролцогчид тэмдэглэлд үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд дэнчингээ алдана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.11.Энэ хуулийн 291.7-д заасан төлбөрийг төлөхөд дуудлага худалдаанд оролцоход урьдчилан төлсөн дэнчинг үнийн дүнд оруулж тооцно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.12.Дараах тохиолдолд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.12.1.дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.12.2.дуудлага худалдаанд оролцогчид үнийн санал гаргаагүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.12.3.энэ хуулийн 291.8-д заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан тохиолдолд. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.13.Дуудлага худалдаанаас олсон нийт орлогын 50 хувийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.1-д заасан Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
291.14.Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааны эхлэх босго үнийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./