36 дугаар зүйл. Амьтныг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах

АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Амьтныг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах

36.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөвшөөрлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу Засгийн газар олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.2.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 36.1-д заасан амьтнаас бусад амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.3.Энэ хуулийн 36.2-т заасан улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Генетик нөөцийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.13-т заасан харь амьтныг нутагшуулах, өсгөж үржүүлэх зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.6.Энэ хуулийн 36.1-д заасны дагуу амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, сорьц дээжийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 36.1-д заасан зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авах, магадлан шалгах ажиллагааг ажлын 15 өдрийн дотор явуулах бөгөөд уг ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.8.Засгийн газар энэ хуулийн 36.7-д заасан саналыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.