7 дугаар зүйл. Нэн ховор, ховор амьтныг хамгаалах

АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Нэн ховор, ховор амьтныг хамгаалах

7.1.Нэн ховор амьтанд Мазаалай баавгай /Ursus arctos gobiensis/, Хавтгай тэмээ /Camelus bactrianus ferus/, Тахь адуу /Equus ferus przewalskii/, Ойн буган цаа /Rangifer tarandus/, Цоохор ирвэс /Uncia uncial/, Баданга хүдэр /Moshus moshiferus/, Молцог хандгай /Alces alces/, Татаар бөхөн /Saiga tatarica/, Голын халиу /Lutra lutra/, Азийн минж /Castor fiber/, Ойн унтаахай /Dryomos nitedula/, Зүүн гарын даахай /Stylodipus sungorus/, Борцгор хотон /Pelicanus crispus/, Хургач бор /Paradoxornis heudei/, Цагаан тогоруу /Grus leucogeranus/, Хар мөрний хилим /Acipenser schrenckii/, Шаргал үхэрдэй /Tinca tinca/, Цөөвөр чоно /Cuon alpinus/, Шивэр молцог хандгай /Alces alces pfizenmayeri/, Дорнын молцог хандгай /Alces alces cameloides/, Соргог бөхөн /Saiga tatarica/, Монгол бөхөн /Saiga borealis/,Алтайн чацуулин /Talpa altaica/, Гозоорой зурам /Citellus alaschanicus/, Сухайн чичүүл /Meriones tamariscinus/, Давжаа алагдаага /Allactaga elater/, Цагаантолгойт ямаансүүл /Oxyura leucocephala/, Могойч загалай /Circaetus gallicus/, Бор бүргэд /Aguilla clanga/, Усны нөмрөгбүргэд /Aguila clanga/, Реликт цахлай /Larus relictus/ зэрэг амьтан хамаарна.

7.2.Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.

7.4.Нэн ховор амьтны амьдрах нутагт хүнд үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулах, авто болон төмөр зам тавих, уул уурхайн олборлолт явуулах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

7.5.Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ховор амьтныг дараах тохиолдолд агнаж, барьж болно: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.1.судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;

7.5.2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн;

7.5.3.тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.

7.6.Ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.7.Төрийн захиргааны төв байгууллага эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор амьтныг агнах, барих зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.