25 дугаар зүйл. Ус бохирдуулсны болон хомсдуулсны төлбөр, нөхөн төлбөр тогтоох
25.1.Ус бохирдуулагч нь хаягдал усныхаа тоо хэмжээ, найрлагад хяналт тавих, хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн бохир усыг цэвэрлэж зайлуулах, ус бохирдуулсны төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
25.2.Ус бохирдуулагч нь бохирдуулах бодисыг хаягдал усны стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийг хоёроос тав дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж, бохирдуулах бодис бүрээр тогтооно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.3.Энэ хуулийн 17.1.13 дахь заалтад заасан гэрээний загвар болон 25.2 дахь хэсэгт заасан шатлан өсгөх хэлбэрээр нөхөн төлбөрийн хэмжээг тооцох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.4.Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хот, суурин газарт эзэмшиж, ашиглаж байгаа барилга, цардсан талбайн хэмжээгээр ус хомсдуулсны төлбөр төлнө.
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.6.Ус бохирдуулсны болон хомсдуулсны төлбөрийн хэмжээг хуулиар тогтооно.
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.7.Гэм буруутай этгээд энэ хуулийн 25.2-т заасан нөхөн төлбөр төлсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
УС АШИГЛАЛТ