32 дугаар зүйл. Усны барилга байгууламж
32.1.Усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
32.2.Энэ хуулийн 32.8-д зааснаас бусад улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
32.3.Усны барилга байгууламжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.
32.4.Усны барилга байгууламж эзэмших, ашиглах эрхийг тав хүртэл жилийн хугацаагаар олгож, сунгана.
32.5.Усны барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын усны хэрэгцээг гэрээний үндсэн дээр хангах үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж болно.
32.6.Зохих зөвшөөрлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, сэргээн засварласан усны барилга байгууламж нь тэдгээрийн өмчлөлд байж болох бөгөөд харин усны нөөц нь нийтийн ашиглалтад байна.
32.7.Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын өмчлөлд байна.
32.8.Услалтын систем барих, шинэчлэх, засварлах шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
32.9.Усны барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр усаар хангана.
32.10.Усны аливаа барилга байгууламж нь паспорттай байна.
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ