51 дугаар зүйл. Холбооны бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэн эрх
51.1.Холбооны бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
51.1.1.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
51.1.2.Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
51.1.3.Холбооны жилийн төсвийг батлах;
51.1.4.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг сонгох, чөлөөлөх,
51.1.5.Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар тэргүүлэгчдийн зөвлөлийн эрх, хэмжээг тогтоох;
51.1.6.Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
51.2.Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Холбооны дарга байна.
51.3.Тэргүүлэгчдийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
51.3.1.гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;
51.3.2.Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох;
51.3.3.Холбооны гүйцэтгэх албаны бүтэц, орон тоог тогтоох;
51.3.4.гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх албаны ажилтнуудад олгох цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
51.3.5.тогтворжилтын сангаас санхүүгийн туслалцааг олгох санал гаргах;
51.3.6.Холбооны дүрэмд заасан бусад бүрэн эрх.
51.4.Хяналтын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
51.4.1.тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих;
51.4.2.Холбооны тогтворжилтын үйлчилгээ гишүүн хадгаламж, зээлийн хоршоодод шударга, хүртээмжтэй хүрч байгаа эсэхэд хяналт тавих, дүгнэлт гаргах;
51.4.3.Холбооны үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай баримт бичиг, тайлан, мэдээлэлтэй танилцах;
51.4.4.Холбооны жил, улирлын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
51.4.5.гүйцэтгэх захирлын эрхийг түдгэлзүүлэх саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд оруулах;
51.4.6.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
51.4.7.тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа хууль бус, Холбоо болон гишүүн хадгаламж, зээлийн хоршооны эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол уг үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах.