56 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, албадлагын арга хэмжээ

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, албадлагын арга хэмжээ

56.1.Хороо хууль тогтоомжид заасны дагуу хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд хяналт тавина.

56.2.Хороо нь шаардлагатай гэж үзвэл дараах албадлагын арга хэмжээг авна:

56.2.1.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

56.2.2.хадгаламж, зээлийн хоршоо, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны үйл ажиллагаанд шалгалт хийх, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг эгүүлэн татах, хариуцлага тооцох талаар эрх бүхий дээд шатны байгууллага, шүүхэд хүсэлт гаргах;

56.2.3.хадгаламж, зээлийн хоршооны хууль бус, эсхүл гишүүдийн эрх ашигт илт сөргөөр нөлөөлөх шийдвэрийг цуцлах, холбогдох залруулга хийхийг шаардах;

56.2.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд сэргээх;

56.2.5.татан буулгах зөвшөөрөл олгох.

56.3.Энэ хуулийн 56.2-т заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хороо батална.

56.4.Хороо шаардлагатай гэж үзвэл тухайн хадгаламж, зээлийн хоршоо, эсхүл тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл бүхий дундын хоршоон дахь хадгаламжийн данснаас зарлага хийх, зээл олгохыг хориглож болно.

56.5.Санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон тухай бүр хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд Хорооноос хяналт шалгалтыг хийнэ.

56.6.Энэ хуулийн 56.5-т заасан хяналт, шалгалтын дүнгээс хамаарч гарсан зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх, эсхүл бүх гишүүдийн хурал хуралдуулахыг тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлөөс шаардаж болно.

56.7.Энэ хуулийн 56.6-д заасны дагуу гаргасан Хорооны шаардлагыг тухайн хадгаламж, зээлийн хоршоо, түүний тэргүүлэгчдийн зөвлөл биелүүлээгүй бол тэдгээрийн хадгаламж, зээлийн хоршоонд учруулсан хохирлыг барагдуулахаар тухайн хадгаламж, зээлийн хоршоо болон түүний гишүүдийн нэрийн өмнөөс Хороо итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.