7 дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл
7.1.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
7.1.1.сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж, үйлчилгээ;
7.1.2.амбулаторийн;
7.1.3.хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн;
7.1.4.нийгэм, хамт олонд түшиглэсэн;
7.1.5.сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн;
7.1.6.сэтгэц-нийгмийн сэргээн засах.
7.2.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэрэгжүүлнэ.
7.3.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай мэргэжлийн төв дор дурдсан үүрэг хүлээнэ:
7.3.1.улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хяналтад авах, сэтгэл засал хийх, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг тогтоох, сэтгэц-нийгмийн нөхөн сэргээх лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
7.3.2.Энэ хууль, Эрүүл мэндийн тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, төрөөс сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон холбогдох Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах; /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.3.3.сэтгэцийн эмгэгийн талаар улсын хэмжээний нэгдсэн тайлан мэдээ гаргах, мэдээллийн лавлагааны сан ажиллуулах;
7.3.4.шүүхийн тогтоолоор шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах.
7.4.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага нь тусгай харуул хамгаалалт бүхий онцгой объектод хамаарна.
7.5.Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэшлээр лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагатай холбоотой харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./