9 дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим, эмнэлгийн мэргэжилтний үүрэг

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим, эмнэлгийн мэргэжилтний үүрэг

9.1.Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн дор дурдсан үүрэг хүлээнэ:

9.1.1.сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмчлэхдээ эрхийг нь танилцуулж, эмчилгээ, шинжилгээний зорилго, арга, хугацаа, ач холбогдол, гарч болзошгүй гаж нөлөөний талаар урьдчилан мэдэгдэж, өөрөөс нь, тухайн этгээд иргэний эрх зүйн чадамжгүй тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр авах;

9.1.2.сэтгэцийн эмгэгтэй хүн, түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээ, шинжилгээ хийлгэхээс татгалзсан тохиолдолд эмчилгээ, шинжилгээг хийлгээгүй буюу тэдгээрийг зогсоосноос гарч болзошгүй үр дагаварыг танилцуулах;

9.1.3.сэтгэц, зан үйлийн эмгэгийн оношилгоонд тухайн үед баримталж байгаа өвчний олон улсын ангилалд заасан шалгуурыг хэрэглэх;

9.1.4.сэтгэцийн эмгэгтэй хүнийг сэтгэцэд нөлөөт эмээр эмчлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон Монгол Улсын эмийн бүртгэлийг мөрдөх;

9.1.5.иргэний эрх зүйн чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүнээс, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээ, үйлчилгээний чанарын талаар үнэлгээ авч байх;

9.1.6.эмнэлэгт эмчлэгдээд гарсан сэтгэцийн эмгэгтэй хүнд үзүүлэх сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг түүний хууль ёсны төлөөлөгч болон холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

9.1.7.хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хүний сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тодорхойлуулахыг шаардахгүй байх;

9.1.8.сэтгэцийн эмгэгтэй хүний онош, эмчилгээ, хүний хувийн мэдээллийг хадгалах, эдгээр мэдээллийг өөрийнх нь, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй байх. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.Дараах тохиолдолд мэдээллийг энэ хуулийн 9.1.8-д заасан зөвшөөрөлгүйгээр өгч болно:

9.2.1.сэтгэцийн эмгэгтэй хүний амь насанд нь аюул тулгарсан үед яаралтай мэдээлэл хэрэгтэй болсон;

9.2.2.тухайн этгээдэд өөрт нь болон бусдад хор уршиг учрах магадлалтай тохиолдолд;

9.2.3.нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах;

9.2.4.эрүүл мэндийн болон хуулийн байгууллагын албан хэрэгцээнд;

9.2.5.эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор.

9.3.Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээ, түүнд хяналт тавих журам, хугацааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

9.4.Сэтгэцийн эмгэгтэй хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, эрүүл мэндийн бусад ажилтны хөдөлмөр нь нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардах, хүнд нөхцөлтэй хөдөлмөрт хамаарах бөгөөд эмнэлгийн байгууллага нь нэмэгдэл цалин, мөнгөн урамшууллыг төсөвтөө багтаан олгож, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллана.

9.5.Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн сэтгэл засалч эмчийн эмчлүүлэгчид өгсөн зөвлөгөө нь даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад хамаарна.

СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.