3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ" гэж үйлчлүүлэгчийн татвар төлөх үүргээ биелүүлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн мэргэшсэн зөвлөх үйл ажиллагааг;
3.1.2."үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс үйлчилгээ авч байгаа татвар төлөгчийг;
3.1.3."татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд" гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх ашгийн төлөө хуулийн этгээдийг;
3.1.4."татварын мэргэшсэн зөвлөх" гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийг;
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.5."татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч" гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хувь хүнийг;
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.6."татварын бүртгэл" гэж албан татвар, төлбөр, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ажил гүйлгээ, татварын нөлөөллийг тооцох, бүртгэх үйл ажиллагааг;
3.1.7."ажлын баримт" гэж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсэн тухай баримт бичиг, хуулбар, судалгаа, тооцоолол, шинжилгээний материал, хөтөлсөн тэмдэглэл, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс баталж, мөрдүүлэх гарын авлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг;
3.1.8."хувийн тэмдэг" гэж татварын мэргэшсэн зөвлөхийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэйг гэрчлэх таних тэмдгийг.