10 дугаар зүйл. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг

10.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ:

10.1.1.хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах;

10.1.2.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлэх;

10.1.3.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөх;

10.1.4.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ буцаан болон татан авах;

10.1.5.үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэх, урьдчилсан хяналт шалгалтад хамрагдах;

10.1.6.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох болон дотоод хяналт, шалгалтын бүртгэл, тэмдэглэл, тайлан тооцоо, лабораторийн шинжилгээний хариу зэрэг мэдээлэл болон баримт бичгийг хадгалах;

10.1.7.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах;

10.1.8.энэ хуулийн 10.1.7-д заасан ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах;

10.1.9.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх, хадгалах;

10.1.10.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зураасан кодыг хэрэглэх.

10.2.Энэ хуулийн 10.1.7-д заасан ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.3.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:

10.3.1.хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх;

10.3.2.энэ хуулийн 10.1.7, 10.1.8, 10.2-т заасан эрүүл мэндийн шаардлага хангаагүй ажилтныг ажлын байранд нэвтрүүлэх;

10.3.3.хяналтын байгууллага үйл ажиллагааг нь түр болон бүрмөсөн зогсоосон тохиолдолд үйл ажиллагаа явуулах.

ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.