12 дугаар зүйл. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго

12.1.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савласан байна.

12.2.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдэлээс шалтгаалан зайлшгүй сав, баглаа боодол болон шошго хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний төрөл, шошголохтой холбогдсон журмыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

12.3.Энэ хуулийн 12.2-т зааснаас бусад харагдах байдлаар нь шинж чанарыг тодорхойлох боломжтой хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шаардлагатай мэдээллийг дагалдах хуудсанд тусгана.

12.4.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна:

12.4.1.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр;

12.4.2.үйлдвэрлэгчийн нэр, хаяг;

12.4.3.хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;

12.4.4.үйлдвэрлэсэн он, сар, өдөр;

12.4.5.хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа;

12.4.6.хадгалах нөхцөл;

12.4.7.тэжээллэг чанар, орц, найрлага;

12.4.8.хэрэглэх арга;

12.4.9.гаж нөлөө, хориглох заалт.

12.5.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго, дагалдах хуудсанд энэ хуулийн 12.3, 12.4-т зааснаас гадна дараах мэдээллийг тусгана:

12.5.1.тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зориулалт, найрлага болон хэрэглэх заавар;

12.5.2.хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал;

12.5.3.хүнсний нэмэлт, органик хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод Монгол Улсад болон олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг тавьсан байх.

12.6.Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна.

12.7.Дараах тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буруу шошголсон гэж үзнэ:

12.7.1.шошго худал мэдээлэл агуулсан;

12.7.2.тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн өөр хүнсний нэрээр бичигдсэн;

12.7.3.өөр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн;

12.7.4.энэ хуулийн 12.4, 12.5.2-т заасан шошгод тавьсан шаардлагыг хангаагүй;

12.7.5.энэ хуулийн 12.5.1-д заасан мэдээллийг монгол хэлээр бичээгүй, энэ хуулийн 12.5.3-т заасны дагуу Монгол Улсад болон олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг шошгод тавиагүй;

12.7.6.унших боломжгүй, ойлгомжгүй үг, өгүүлбэр, он, сар, өдөр бичигдсэн;

12.7.7.ионжуулагч цацрагийн боловсруулалт хийсэн тэмдэглэгээгүй.

12.8.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцна.

12.9.Хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон Монгол Улсын техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.