4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хүнсний бүтээгдэхүүн" гэж Хүнсний тухай хуулийн 3.1.1-д зааснаас гадна савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг;

4.1.2."хүнсний түүхий эд" гэж мал, амьтан, ургамал, эрдсийн болон бусад гаралтай түүхий эд, түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулахад хэрэглэдэг усыг;

4.1.3."хүнсний нэмэлт" гэж Хүнсний тухай хуулийн 3.1.9-д заасныг;

4.1.4."хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал" гэж хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй байхыг;

4.1.5."хүнсний эрүүл ахуй" гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлагыг;

4.1.6."хүнсний сүлжээ" гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг;

4.1.7."анхан шатны үйлдвэрлэл эрхлэх" гэж ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг тариалах, хураах, бэлтгэх, мал, амьтан, загас өсгөх, үржүүлэх, мал бэлтгэх, төхөөрөх, түүхий сүү бэлтгэх, боловсруулах, байгалийн гаралтай жимс жимсгэнэ, ургамлыг түүх, тэдгээрийг зах зээлд нийлүүлэхийг;

4.1.8."хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлс" гэж машин техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, багаж хэрэгсэл, сав, баглаа боодол зэрэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдан борлуулахад ашиглаж, хэрэглэж байгаа зүйлийг;

4.1.9."бохирдуулагч" гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад, түүнчлэн хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлийн бохирдлоос бий болсон хими, физик, биологийн хүчин зүйлсийг;

4.1.10."пестицидийн үлдэгдэл" гэж Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3.1.5 -д заасан бодисын үлдэгдлийг;

4.1.11.“мал, амьтны эмийн үлдэц” гэж мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, тэдгээрийн малын биед орж хувирсан нэгдлийн үлдэгдлийг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.1.12."хадгалах хугацаа" гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг;

4.1.13."хэрэглэж дуусах хугацаа" гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг;

4.1.14."тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хүнсний бүтээгдэхүүн" гэж нялх, балчир, бага насны хүүхдийн болон сувиллын хоолны дэглэм, шаардлагад нийцүүлэн боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.15."хуурамч хүнсний бүтээгдэхүүн" гэж хүнсний бүтээгдэхүүний орц найрлагад зайлшгүй орох зүйлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хийгээгүй, хассан, эсхүл өөр зүйлээр орлуулсан, түүнчлэн муудсан, чанараа алдсан бүтээгдэхүүний өнгө үзэмжийг засах, жин хэмжээг нэмэх, хасах зэргээр бодит байдлыг нь нуун далдалсан, өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнийг;

4.1.16."хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж Хүнсний тухай хуулийн 3.1.12–т заасныг;

4.1.17."бүтээгдэхүүний цуврал" гэж үйлдвэрлэлийн технологийн нэг удаагийн шат дамжлагаар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний багцын тоо хэмжээг;

4.1.18."хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт" гэж хүнсэн дэх физик, хими, биологийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг;

4.1.19."хөдөө аж ахуйн зохистой дадал" гэж мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх нөхцөл, үйл ажиллагааг;

4.1.20."эрүүл ахуйн зохистой дадал" гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг;

4.1.21."үйлдвэрлэлийн зохистой дадал" гэж үйлдвэрлэлийн бүх үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.