51 дугаар зүйл. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг нэр төрлөөс нь хамааруулан дараах хугацаанд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд цахимаар хүргүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.1.1.сүүний тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.1.2.малын махны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны дотор; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.1.3.гурил, тарианы үр, хүнсний улаан буудай, ундны усны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.2.Хүнсний хангамжийн тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх нэмэлт саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд оруулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стратегийн хүнсийг экспортлох зөвшөөрөл олгоход зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 10 хүртэл хувьд тухайн стратегийн хүнсийг дотоодын зах зээлд нийлүүлэх, импортлох зөвшөөрлийг олгоход зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 50 хүртэл хувьд тухайн стратегийн хүнсийг дотоодын зах зээлээс худалдан авах шаардлагыг тавьж, хуулийн этгээдтэй энэ талаар гэрээ байгуулж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.4.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахаар хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэсэн, эсхүл энэ хуулийн 51.22-т зааснаас бусад тохиолдолд стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.5.Энэ хуулийн 51.4-т заасан сонгон шалгаруулалтыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.6.Энэ хуулийн 51.5-д заасан ажлын хэсэг стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын зар гаргах, урилга хүргэх, хариу илгээх, үр дүнг мэдээлэх ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.7.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хуулийн этгээд дараах баримт бичгийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.7.1.экспортлох, эсхүл импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг заасан албан бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.7.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.7.3.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрийн байртай болохыг нотолсон холбогдох хяналтын байцаагчийн тодорхойлолт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.7.4.экспортлогч, импортлогч улсын үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.7.5.шаардлагатай тохиолдолд импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн албаны эрх бүхий байгууллагын итгэмжлэл. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.8.Энэ хуулийн 51.7-д заасан баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацааг цахим зар гаргасан өдрөөс эхлэн тооцож, ажлын 10 өдрөөр тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.9.Ажлын хэсэг хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй бөгөөд дутуу баримт бичгийг нөхөн бүрдүүлэхгүй. Хуулийн этгээдийн тамга, тэмдэггүй, гарын үсэггүй, огноо тодорхойгүй, шаардлага хангаагүй баримт бичиг ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах бөгөөд энэ талаар хүсэлт гаргагчид ажлын хоёр өдрийн дотор мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.10.Ажлын хэсэг хуулийн этгээдээс ирүүлсэн баримт бичигтэй холбоотой асуудлаар тайлбар болон энэ хуулийн 51.7-д зааснаас бусад баримт бичгийг энэ хуулийн 51.13-т заасан хугацаанд багтаан тухайн хуулийн этгээдээс нэмэлтээр шаардаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.11.Ажлын хэсэг стратегийн хүнсийг экспортлох, импортлох хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд үнэлгээ хийж, нэг хуулийн этгээдэд өгч болох тоо хэмжээний зөвшөөрлийн дээд хэмжээг тогтоож болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.12.Ажлын хэсэг хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан тоо хэмжээ болон энэ хуулийн 51.7, 51.10, 51.11-д заасан баримт бичгийг магадлан шалгасны үндсэн дээр уг хуулийн этгээдэд тухайн стратегийн хүнсийг экспортлох, эсхүл импортлох зөвшөөрөл олгох тоо хэмжээг тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.13.Ажлын хэсэг баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан сонгон шалгаруулалтыг явуулж, импортлох, эсхүл экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээ бүхий зөвшөөрөл олгох тухай мэдэгдлийг хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.14.Хуулийн этгээд энэ хуулийн 51.9-д заасан мэдэгдэл болон 51.13-т заасан тоо хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.15.Энэ хуулийн 51.14-т заасан гомдлыг ажлын гурван өдөрт хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.16.Хуулийн этгээдээс энэ хуулийн 51.14-т заасан хугацаанд гомдол ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж үзвэл хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шалгарсан хуулийн этгээдэд ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.17.Зөвшөөрлийн хугацаа нь энэ хуулийн 51.16-д заасан шийдвэр гарснаас хойш 12 сараас, энэ хуулийн 51.2-т заасан нэмэлт зөвшөөрлийн хугацаа нь зургаан сараас хэтрэхгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.18.Хүн амын хүнсний хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний хязгаар тогтоохгүй, тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх зохицуулалтыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хийж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.19.Хуулийн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна энэ хуулийн 51.17-д заасан хугацааны дотор стратегийн хүнсийг экспортлоогүй, импортлоогүй тохиолдолд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.20.Энэ хуулийн 51.19-д заасны дагуу хүчингүй болгосон зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд ногдох стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг дахин сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.21.Хуулийн этгээд зөвшөөрлийг бусдад дамжуулах, шилжүүлэх, худалдахыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.22.Дараах тохиолдолд стратегийн хүнсийг нэг удаагийн зөвшөөрлөөр экспортолж, импортолж болно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.22.1.зах зээлд шинээр нэвтрэх, бүтээгдэхүүний дээж хүргүүлэх, туршилтын ачилт хийх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.22.2.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл энэ хуулийн 18.5.1-д заасан хугацаанд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаар зөвлөмж гаргаагүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.23.Стратегийн хүнсийг нэг удаагийн зөвшөөрлөөр экспортлох, импортлох хуулийн этгээд энэ хуулийн 51.7.1, 51.7.2, 51.7.3, 51.7.4, 51.7.5-д заасан баримт бичгийг бүрдүүлж, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.24.Стратегийн хүнсийг нэг удаа экспортлох, импортлох зөвшөөрлийг энэ хуулийн 51.5-д заасан ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.