13 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
Улсын Их Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх төрийн бодлогыг тодорхойлох;
2/Засгийн газрын өргөн мэдүүлснээр байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах;
3/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
4/байгалийн баялгийн нөөцийг ашигласны болон орчныг бохирдуулсны төлбөр, хураамжийн дээд, доод хэмжээг тогтоох;
5/устах аюулд орсон амьтан, ургамлын жагсаалтыг батлах, өөрчлөх, байгалийн зарим объектыг улсын тусгай хамгаалалтад авах;
6/хуульд заасан бусад бүрэн эрх.