50 дугаар зүйл. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл
1.Байгалийн нөөцийн хамтын менежментийн үйл ажиллагаанд тухайн орон нутгийн иргэд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдан оролцож болох бөгөөд гэрээний үндсэн дээр хамтын менежментээр хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ тодорхой төрлийн байгалийн нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу зохистой ашиглах давуу эрхтэй байна.
2.Иргэдийн нөхөрлөлийн гишүүн нь 18 нас хүрсэн, тухайн сум дүүрэгт байнга оршин суугч Монгол Улсын иргэн байна.
3.Тодорхой төрлийн байгалийн нөөцийг гэрээний дагуу нөхөрлөлд хариуцуулахдаа нөхөрлөлийн гишүүдийн тоо, хариуцуулах талбай, баялгийн нөөц, хэмжээ, онцлог зэргийг харгалзана.
4.Сум дүүргийн Засаг дарга дараах баримт бичгийг үндэслэн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдийн нөхөрлөлтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна:
1/баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;
2/нөхөрлөлийн байгалийн нөөцийн менежмент явуулахыг хүссэн өргөдөл;
3/нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах менежментийн төлөвлөгөө;
4/нөхөрлөл байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээ болон иргэний үнэмлэхний хуулбар.
5.Энэ хуулийн 50 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлсэн нөхөрлөлтэй сум, дүүргийн Засаг дарга үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.
6.Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ болон гэрчилгээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.Нөхөрлөл нь оролцогч талуудтай Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулж ажиллана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг дараах тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга зогсоож, гэрээг цуцална:
1/нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан;
2/гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш зургаан сар байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй;
3/бүх гишүүдийн хурлаар нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гарсан;
4/энэ хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй;
9.Нөхөрлөл нь энэ хуулийн 31 дүгээр зүйл, тодорхой төрлийн байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэхийн зэрэгцээ, тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлнэ.
10.Нөхөрлөл нь өөрийн дотоод дүрэмтэй байх бөгөөд дүрмэндээ бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ахлагч, гишүүний эрх, үүрэг, хариуцлага, дундын өмч хөрөнгийн харилцааны асуудлыг хуульд заасны дагуу тусгасан байна.
11.Нөхөрлөл байгалийн нөөцийн менежментийн талаарх тайланг жил бүр тухайн сум, баг, дүүрэг, хорооны Хуралд тайлагнах бөгөөд түүнд байгалийн баялгийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхэд зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, түүний үр дүн, нөөц баялгийн төлөв байдал, түүний өөрчлөлт зэргийг тусгасан байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.Нөхөрлөл нь өөрсдийн эрх ашгаа хамгаалах, хамтын ажиллагаагаа зохицуулах үүрэг бүхий нөхөрлөлүүдийн холбоотой байж болох бөгөөд холбооны дүрэм, үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар[3] зохицуулна.
13.Нөхөрлөл нь өөрийн эзэмшлийн газар болон байгалийн нөөц бусад эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.
14.Нөхөрлөл нь тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд данстай байж болно.