13 дугаар зүйл. Хадгаламжийн даатгалын хураамж, түүнийг төлөх
13.1.Банк хадгаламжийн даатгалын хураамж /цаашид "хураамж" гэх/-ийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу Хадгаламжийн даатгалын корпорацид төлнө.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хураамж нь дор дурдсан хураамжаас бүрдэнэ:
13.2.1.эхлэлтийн хураамж;
13.2.2.улирлын хураамж;
13.2.3.онцгой хураамж.
13.3.Эхлэлтийн хураамж нь тухайн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний нэг хувьтай тэнцүү хэмжээтэй байна.
13.4.Банк эхлэлтийн хураамжийг Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор төлнө.
13.5.Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.
/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.6.Улирлын хураамжийг төлөх хугацааг Хадгаламжийн даатгалын корпорацийн нэхэмжлэлд заана.
13.7.Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны дотор дараа жилийн улирлын хураамжийн хувийг 0.125 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтооно.
13.8.Сангийн хөрөнгө гишүүн банкуудын энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжийн дүнгийн 10 хувьд хүрвэл Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо улирлын хураамжийг тооцох болон хуримтлуулахыг түр зогсоож болно.
13.9.Даатгалын нөхөн төлбөрийг төлөхөд Сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд онцгой хураамжийг төлөх шийдвэрийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо гаргаж болно.
13.10.Онцгой хураамжийн хувийг энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжаас тооцох бөгөөд уг хувь нь жилийн 0.5 хувиас хэтрэхгүй байна.
/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.11.Онцгой хураамжийг өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг онцгой хураамжийн хувиар үржүүлэн тооцно.
/Энэ заалтад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.12.Хэрэв банк хүсэлт гаргавал энэ хуулийн 13.6-д заасан хугацааг Хадгаламжийн даатгалын корпораци ажлын таван өдрөөр сунгаж болно.
13.13.Энэ хуулийн 13.12-т заасан хугацаанд банк хураамжийн төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци Монголбанкинд энэ тухай мэдэгдэж, тухайн банкны Монголбанкин дахь харилцах данснаас төлбөл зохих хураамжийн дүнгээр суутган төлүүлэх хүсэлтийг Монголбанкинд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
13.14.Монголбанкнаас албадан татан буулгасан банкны даатгалын хураамж төлөх үүрэг нь даатгалын тохиолдол бий болсон улирлын эцсийн өдрөөр дуусгавар болно.
13.15.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу банкнаас төлсөн хураамжийг буцааж олгохгүй.