17 дугаар зүйл. Хадгаламж эзэмшигчийн эрх
17.1.Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй.
17.2.Хадгаламжийн гэрээг гуравдагч этгээдийг төлөөлөн байгуулсан бол даатгалын нөхөн төлбөр авах эрхийг уг гуравдагч этгээд эдэлнэ.
17.3.Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авахад өвлөгч нь өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд даатгалын нөхөн төлбөр авна.
/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.4.Хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа энэ хуулийн 6.3-т заасан шаардах эрх үүссэнээс хойш гурван жил байна.
/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.5.Банк нэгтгэх, нийлүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэх байдлаар өөрчлөн байгуулагдсан тохиолдолд ийнхүү өөрчлөн байгуулагдахаас өмнөх банк тус бүрд даатгалын нөхөн төлбөрт олгох хэмжээг тогтоох бөгөөд энэ нь өөрчлөн байгуулагдсанаас хойш зургаан сарын хугацаанд хүчинтэй байна.
/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.6.Энэ хуулийн 17.5-д заасан хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг банк тус бүрд тооцох хугацаа дуусч байгаа тухай хадгаламж эзэмшигчид хүлээж авсан, нэгдсэнээс үүссэн банк мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/