251 дугаар зүйл. Корпорацийн хяналт
/Энэ зүйлийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
251.1.Корпораци хянан шалгагчтай байна. Хянан шалгагч нь улсын байцаагчийн дараахь бүрэн эрхтэй байна:
251.1.1.энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээ, мэдээллийг банкнаас гаргуулан авах;
251.1.2.хадгаламжийн даатгалын хураамж төлөлтөд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;
251.1.3.даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагаанд хяналт тавих;
251.1.4.хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх арга хэмжээ авах.
251.2.Корпорацийн гүйцэтгэх захирал нь улсын ахлах байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Монголбанкны Ерөнхийлөгч олгож, цуцална.