4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."тэсэрч дэлбэрэх бодис" гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг;
4.1.2."тэсэлгээний хэрэгсэл" гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг;
4.1.3."пиротехникийн хэрэгсэл" гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг;
4.1.4."тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт" гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах, тэсэлгээний ажил явуулах үйл ажиллагааг;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.5."тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгах" гэж шатаах, тэслэх, уусгах арга технологийг ашиглан хор хөнөөлгүй болгохыг;
4.1.6."тэсэлгээний ажил явуулах" гэж тэсэлгээний ажлыг удирдах, тэсэлгээ хийх, тэсрэх материалыг бүртгэх үйл ажиллагааг гүйцэтгэхийг;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.7."мэдээллийн нэгдсэн сан" гэж төрийн захиргааны байгууллага болон хуулийн этгээдээс энэ хуульд заасны дагуу ирүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн талаарх мэдээ мэдээлэл, тайлангийн нэгтгэлийг;
4.1.8."мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага" гэж Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сорилт туршилт хийх эрхтэй, шинжээчдээс бүрдсэн, лабораторийн туршилтын бааз бүхий хуулийн этгээдийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.9."Мэргэжлийн зөвлөл" гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болон мэргэжлийн холбоо, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлийг;
4.1.10."шинжээч" гэж бие даан мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй инженерийг.
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ