17 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх
17.1.Мэдээлэл нийлүүлэгчээс зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэхэд дараах зарчмыг баримтална:
17.1.1.зээлийн мэдээлэл үнэн зөв, бодитой, тодорхой, бүрэн гүйцэд, ойлгомжтой байх;
17.1.2.хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн мэдээлэл байх;
17.1.3.зээлийн мэдээллийг өөрчлөлт орсон тухай бүр нь тогтмол, шинэчилж байх;
17.1.4.зөвхөн энэ хуульд заасан зорилгын дагуу ашиглагдах мэдээлэл байх;
17.1.5.нийлүүлэх зээлийн мэдээллийн нууцлалыг хамгаалж чадах техник хэрэгсэл, компьютерийн программ хангамжийг ашигласан байх;
17.1.6.зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд нийлүүлэх.
17.2.Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хориглоно.
17.3.Мэдээлэл нийлүүлэгч цахим болон бичгийн хэлбэрээр, зөвшөөрөгдсөн компьютерийн программ хангамжийг ашиглан мэдээлэл өгөх, авах гэрээний дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд зээлийн мэдээлэл нийлүүлнэ.
17.4.Зээлийн мэдээллийг нийлүүлэх тухай бүрд нь мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд тухайн мэдээллийг хүлээлцсэнийг баталгаажуулах баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, баримтжуулна.