3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."шуудан" гэж шуудангийн илгээмжийг хаягласан эзэнд нь хүргэх үйлдвэрлэл-технологийн иж бүрэн үйл ажиллагаа бүхий харилцаа холбооны төрлийг;
3.1.2."шуудангийн сүлжээ" гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг;
3.1.3."шуудангийн илгээмж" гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг;
3.1.4."захидал" гэж тодорхой этгээдэд хаягласан, дугтуйлсан болон дугтуйлаагүй гар бичмэл, хэвлэмэл баримт бичиг агуулсан шуудангийн илгээмжийг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.5."боодол" гэж тодорхой этгээдэд хаягласан, эд зүйлс агуулсан битүүмжлэгдсэн шуудангийн илгээмжийг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.6."илгээлт" гэж боодлоос овор хэмжээгээрээ том шуудангийн илгээмжийг;
3.1.7. "үйлчлэгч" гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.8."шуудангийн хайрцаг" гэж шуудангийн илгээмжийг цуглуулах, хүргэхэд ашиглах зориулалтаар тодорхой цэгт байрлуулсан хэрэгслийг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.9."шуудангийн богц" гэж шуудангийн илгээмж хийж тээвэрлэхэд зориулсан савыг;
3.1.10."шуудангийн нэгдсэн код" гэж үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, эсхүл тоо, үсгийн хосолсон илэрхийллийг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.11."шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч" гэж шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.1.12."шуудангийн үндсэн сүлжээ" гэж төрийн өмчийн оролцоотой, бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч шуудангийн сүлжээг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.13."шуудангийн үйлчилгээ" гэж үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.14."үйлчлүүлэгч" гэж шуудангийн үйлчилгээг авч байгаа иргэн, хуулийн этгээдийг.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./