11 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хангах

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хангах

11.1.Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газар, өмчлөлд нь байгаа үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, харилцах утасны дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаар зэрэг мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэлийн талаарх мэдээлэлд өөрчлөлт оруулах, зохиомол нэр хэрэглэх, харилцах утасны дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчлөх зэрэг арга хэмжээг эрх бүхий албан тушаалтан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

11.2.Эрх бүхий албан тушаалтан иргэний бүртгэлийн, автотээврийн болон бусад байгууллагын мэдээлэл, лавлагааны сангаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн болон хамаарал бүхий этгээдийн хувийн мэдээллийг задруулахыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргаж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.3.Гэрч, хохирогчийн нууцалбал зохих мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд танилцуулж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.