19 дугаар зүйл. Хамтын хөрөнгө оруулалтын сан хөрөнгө татах, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хамтын хөрөнгө оруулалтын сан хөрөнгө татах, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулалт татах ажиллагааг сангийн нэгж эрхийн танилцуулгад үндэслэн хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.2.Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компани нь тухайн санд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө санд оруулах хөрөнгөө тусгаарласан дансанд байршуулсан байна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.3.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулга, түүнийг хөрөнгө оруулагчид танилцуулах, сангийн нэгж эрхийг худалдах ажиллагааны журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.4.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг анхдагч зах зээлд худалдах арилжааг үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд бүртгүүлэх замаар зохион байгуулж болно.

19.5.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг Хороо бүртгэснээс хойш зургаан сар хүртэлх хугацаанд нийтэд танилцуулах бөгөөд энэ хугацаанд сангийн дүрэмд заасан хөрөнгийг төвлөрүүлж чадаагүй нөхцөлд тухайн сангийн үүсгэн байгуулах ажиллагааг зогсоож, уг санд сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй.

19.6.Энэ хуулийн 19.5-д заасан тохиолдолд үүсгэн байгуулагч нь энэ тухай Хороонд мэдэгдэх бөгөөд Хорооноос сангийн үүсгэн байгуулах ажиллагааг зогсоох тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдөрт багтаан сангийн дансанд хуримтлагдсан хөрөнгийг хөрөнгө оруулагчид буцаан олгох, уг санг улсын бүртгэлээс хасуулж, татан буулгах ажиллагааг зохион байгуулна.

19.7.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасан хөрөнгийг тусгаарласан дансанд бүрэн төвлөрүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй гэж үзсэн бол Хороо хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.8.Хорооноос хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүртэлх хугацаанд тухайн сангийн дансанд байршуулсан буюу сангийн нэгж эрх худалдан авахаар төлсөн хөрөнгийг зарцуулах эрх тухайн сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанид нээгдэхгүй.

19.9.Хороо хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулагдсанд тооцож хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор сангийн үйл ажиллагаа эхлэх бөгөөд уг өдрөөс хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх нээгдэнэ.

19.10.Хамтын хөрөнгө оруулалтын санд олгох хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь тухайн сангийн дүрэмд заасан үйл ажиллагаа эрхлэх хугацаатай адил байна.

19.11.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгад Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.5.1-10.5.4, 10.5.7-10.5.10, 10.5.13, 10.5.14-т зааснаас гадна доор дурдсан мэдээллийг тусгана:

19.11.1.хөрөнгө оруулалтын сангийн дүрэм;

19.11.2.хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг;

19.11.3.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа;

19.11.4.хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компанийн мэдээлэл, тус компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, үйлчилгээний урамшуулал болон зардлын тооцоолол;

19.11.5.кастодианы үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн мэдээлэл, кастодиантай байгуулсан хөрөнгө хадгалах гэрээний хуулбар, үйлчилгээний хөлсний хэмжээ, тооцоолол;

19.11.6.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой гарах бусад зардлын тооцоолол;

19.11.7.Энэ хуулийн 19.3-т заасан Хорооноос баталсан журамд заасан бусад мэдээлэл. /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.12.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн гишүүнд мэдээлэл өгөх журам болон сангийн санхүүгийн тайланд тавих шаардлагыг Хороо тогтооно.

19.13.Хороо доор дурдсан нөхцөлд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

19.13.1.хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагыг хангахгүй буюу хангах боломжгүй болсон;

19.13.2.тухайн хамтын хөрөнгө оруулалтын сангийн ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах бол;

19.13.3.нээлттэй төрлийн хамтын хөрөнгө оруулалтын сангийн нийт гаргасан нэгж эрхийн гуравны хоёр буюу түүнээс дээш хэмжээний нэгж эрхийг тухайн санд буцаан худалдсан; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.13.4.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн, эсхүл кастодианы тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон өдрөөс хойш гурван сарын хугацаанд түүний эрх, үүргийг эрх бүхий бусад хуулийн этгээдэд шилжүүлээгүй;

19.13.5.хөрөнгө оруулалтын менежментийн компанийг, эсхүл кастодианыг татан буулгах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш гурван сарын хугацаанд түүний гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг өөр эрх бүхий хуулийн этгээдэд шилжүүлээгүй;

19.13.6.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

19.14.Хамтын хөрөнгө оруулалтын санг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор сангийн нэгж эрхийн танилцуулгыг холбогдох баримт бичгийн хамт Хороонд бүртгүүлэхээр ирүүлэх бөгөөд хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш Хороо ажлын 20 өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, ажлын таван өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.