28 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санд үзүүлэх үйлчилгээний зардлын төлбөр, гүйцэтгэлийн урамшуулал
28.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианы үйлчилгээний зардлыг тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөнөөс төлөх бөгөөд уг зардлын жилийн нийлбэр дүн нь хөрөнгө оруулалтын сангийн тухайн жилийн активын дундаж үлдэгдлийн гурван хувиас хэтрэхгүй байна.
28.2.Хөрөнгө оруулалтын сангийн активын жилийн дундаж үлдэгдлийг тооцох журмыг Хороо батална.
28.3.Хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулсан гэрээнд сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч хөрөнгө оруулалтын менежментийн компанид гүйцэтгэлийн урамшуулал олгохоор зааж болох бөгөөд жилийн урамшууллын хэмжээ нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас олсон нийт ашгийн 30 хувиас хэтрэхгүй байна.
28.4.Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажиллагааны туршид хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианд төлөх үйлчилгээний төлбөрийг тухайн санд Хорооноос тусгай зөвшөөрөл олгосны дараа нөхөн төлж болно.