30 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын санг татан буулгах
30.1.Доор дурдсан тохиолдолд хөрөнгө оруулалтын санг татан буулгана:
30.1.1.хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусгавар болсон;
30.1.2.хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлаас тухайн санг сайн дурын үндсэн дээр хугацаанаас өмнө татан буулгахаар шийдвэрлэсэн;
30.1.3.энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зарлан хуралдуулсан бөгөөд сангийн гишүүд санг татан буулгах шийдвэр гаргасан;
30.1.4.энэ хуульд заасны дагуу онцгой нөхцөл байдал үүссэн бөгөөд албадан татан буулгах шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
30.1.5.хөрөнгө оруулалтын сан дампуурсан;
30.1.6.хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсны улмаас тухайн сан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
30.1.7.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.2.Хөрөнгө оруулалтын санг татан буулгах шийдвэрийг дараах этгээд гаргана:
30.2.1.энэ хуулийн 30.1.1-30.1.3-т заасан үндэслэлээр хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурал;
30.2.2.энэ хуулийн 30.1.4, 30.1.5-д заасан үндэслэлээр Хороо болон эрх бүхий бусад этгээдийн хүсэлтийг үндэслэн шүүх;
30.2.3.хуульд заасан эрх бүхий бусад этгээд.
30.3.Хөрөнгө оруулалтын сан болон сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэх, түүнд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлэх үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг төрийн байгууллагын зүгээс тухайн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд өгөх баталгаа гэж үзэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын сан, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны улмаас хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд болон бусдад учирсан хохирлыг төр хариуцахгүй.