22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

22.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.3, 15.1.4, 15.2.1, 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргаж болно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.2.Энэ хуулийн 15.1.2, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргаж болно.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.3.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.4.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 22.2-т заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 60 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан, зөрчилгүй бол үйл ажиллагааны онцлогийг харгалзан тусгай зөвшөөрлийг 20 жил хүртэл хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.5.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

22.5.1.тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.5.2.улсын тэмдэгтийн хураамж, эсхүл тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт;

22.5.3.энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримт бичиг;

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.5.4.энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хувьд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.6.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг ажлын 5 өдөрт багтаан энэ хуулийн 19.8-д заасан байгууллага болон олон нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.