10 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
10.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;
10.1.2.түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх;
10.1.3.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;
10.1.4.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах тухай шийдвэр гаргах;
10.1.5.нийслэл болон аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах.
10.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./