14 дугаар зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

14.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.1.өргөдлийг бүртгэлд бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.2.тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх;

14.1.3.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

14.1.4.энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх.

14.2.Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.3.Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

14.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.

14.6.Энэ хуулийн 14.5-д заасан шийдвэр гарснаас хойш өргөдөл гаргасан этгээд нэг сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд тэмдэглэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

14.7.Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.

14.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байрших аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон тухай мэдэгдэж, төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.9.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.

14.10.Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.