16 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

16.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

16.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

16.1.2.үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт;

16.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;

16.1.4.хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.

16.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

16.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгамагц энэ тухай барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.