4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг;
4.1.2."түгээмэл тархацтай ашигт малтмал хайх" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;
4.1.3."түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;
4.1.4."түгээмэл тархацтай ашигт малтмалын орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг;
4.1.5."тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;
4.1.6."түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг;
4.1.7."түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;
4.1.8."түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай" гэж энэ хуулийн 4.1.6-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;
4.1.9."уурхайн талбай" гэж энэ хуулийн 4.1.7-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;
4.1.10."уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;
4.1.11."түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу төлөх төлбөрийг;
4.1.12."түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг;
4.1.13."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг.