41 дугаар зүйл. Талбайн хилийн маргааныг шийдвэрлэх
41.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн талбайн хилийн маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.
41.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга маргагч талуудад өөрсдийн байр суурийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр илэрхийлэх болон үндэслэлээ харилцан тайлбарлах бололцоо олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
41.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тусгагдсан маргаантай талбай хоорондоо ямар нэг байдлаар давхцаж байгаа эсэхийг шалгах бөгөөд давхцал байгаа нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхны өргөдөл болон талбайн хилийн хэмжилтийн тайланг үндэслэн талбайн хил, булангийн цэгийн солбицлууд зөв бүртгэгдсэн эсэхийг шалгана.
41.4.Хэмжилтийн дүнд давхцал байгаа нь тогтоогдвол аймаг, нийслэлийн Засаг дарга сүүлд авсан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд зохих өөрчлөлтийг оруулж, давхцалыг арилгана.
41.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайн маргаантай хилийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хэмжүүлж тогтоолгох бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
41.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь маргаантай хил, цэгийн солбицлуудыг шалгаж, холбогдох засвар, өөрчлөлтийг хийсэн тухай шийдвэр гаргаж, энэ тухай маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ.
41.7.Маргаанд оролцогч тал аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.