13 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага

13.1.Банк бус санхүүгийн байгууллагаас нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрч болохгүй.

13.2.Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах төлбөрийн баталгааны нийт дүн нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 70 хувиас илүүгүй байна.

13.3.Тухайн банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгааны дээд хэмжээ нь банк бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.3.1. банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санд оруулсан хөрөнгийг барьцаалан зээл олгохгүй байх;

13.3.2. олгосон зээлийн төлөгдөх хугацаа нь зургаагаас дээш сараар хэтэрсэн бол тухайн этгээд банк бус санхүүгийн байгууллагын удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглох.

13.4. Нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу хангаж биелүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал дараахь шалгуурыг хангасан байна:

13.5.1: зээлийн гэрээ буюу баталгаагаар хүлээсэн, хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

13.5.2. ял шийтгэлгүй;

13.5.3. ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн байгууллагыг удирдахад харшлахгүй байх.

13.6. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага нь банк, санхүүгийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай байна.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

Өөрийн хөрөнгө, санхүүгийн тайлан

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.