13 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
13.1.Засгийн газар соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.соёлын өвийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
13.1.2.соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.3.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоо, дүрмийг батлах;
13.1.4.язгуур гарал үүсэл нэг, илэрхийлэгдэх шинжээрээ нийтлэг, монгол угсаатны түүхэнд ач холбогдол бүхий соёлын өвийг хамгаалах талаар уг өв хадгалагдаж буй гадаад улстай хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
13.1.5.улсын хилээр гарч алдагдсан соёлын биет өвийг эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллагад чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
13.1.6.соёлын өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмыг тус тус батлах;
13.1.7.улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах;
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.8.түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг батлах; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.9.Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;
13.1.10.соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам батлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.11.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам батлах;
13.1.12.түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газарт хамгаалалтын бүс тогтоох, өөрчлөх, цуцлах; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.13.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх болон Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.1.14.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалт болон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтыг тус тус батлах; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./