141 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
141.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын өвийг хамгаалах чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
141.1.1.төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
141.1.2.соёлын өвийн улсын үзлэг, тооллогыг хуулиар тогтоосон хугацаанд явуулж, дүнг Засгийн газарт тайлагнах;
141.1.3.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах;
141.1.4.соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
141.1.5.соёлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих;
141.1.6.дуудлага худалдаагаар худалдах соёлын биет өвийн бүртгэлийг хөтлөх, тайланг хүлээн авах, хяналт тавих;
141.1.7.нийтийн өмчийн соёлын өвийг хадгалах, бүртгэх ажлыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
141.1.8.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж, улс, орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
141.1.9.соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг хөтлөх; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
141.1.10.дэлхийн өвийн урьдчилсан жагсаалт болон Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сэргээн засварлах, ЮНЕСКО-ийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хамгаалж, бэхжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
141.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/