37 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тогтолцоо

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тогтолцоо

37.1.Соёлын өвийг хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

37.2.Соёлын өвийн хамгаалалтад соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуул, хуулиар эрх олгосон байгууллага, албан тушаалтан хяналт тавина.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

37.3.Соёлын өвийн анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулахгүйгээр тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална. Хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр төрийн болон, орон нутгийн музейд шилжүүлэн хадгалж болно. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.4.Сум, дүүргийн Засаг дарга түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

37.5.Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын дэргэд тухайн дурсгалын талаарх мэдээллийг агуулсан танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулна. Танилцуулга, тайлбар, тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу хийж, байрлуулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.

37.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга хот, суурин газарт орших түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр барих барилга байгууламжид өндрийн хязгаар тогтооно. Өндрийн хязгаар тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.